“ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Орон нутгийн бодлого төлөвлөлт ба үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо” сэдэвт бүсчилсэн сургалт 4 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод боллоо.
Сургалтыг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр хэлсэн үгэндээ “Улс орны эдийн засаг, төсөв санхүү хүндрэлтэй, төсвийн хөрөнгөөр аливаа сургалт, семинар зохион байгуулахад хүндрэлтэй байгаа ч нөгөө талдаа төрийн албан хаагчдаа, иргэдийн Хурлын Төлөөлөгчдөө чадавхжуулах, сургаж хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна. Тэгвэл энэ хэрэгцээ шаардлагыг гадны төсөл, хөтөлбөр нөхөж байна. Хурлын төлөөлөгч нарын чадавх бэхжүүлэх энэхүү бүсчилсэн сургалтыг санхүүжүүлэн, зохион байгуулж байгаа Швейцарын хөгжлийн агентлаг, төслийн хамт олонд талархал илэрхийлье. Сургалтыг бусад бүс нутагт амжилттай зохион байгуулахын тулд өнөөдөр Та бүхний идэвхтэй оролцоо чухал” гэсэн юм.
Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, хурлын хороодын дарга, зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг хамруулсан уг сургалтад Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, Орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудал, Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлага, төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах зарим асуудлын талаар, аймгуудын өрсөлдөх чадварын индекс, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга замын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн багш нар хичээл зааж, сургалт явууллаа.
Хөтөлбөрийн дагуу сургалт нэг бүрийн дараа оролцогсод өөрсдийн сонирхсон асуултыг асууж, хариулт авч, санал бодлоо харилцан солилцсон юм. Аймаг, орон нутаг хөгжлийн бодлого төлөвлөлтөө ярилцаж байгаа, Төсвийн тухай хууль болон нэгжийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдсэн энэ цаг үед хяналт-шинжилгээ үнэлгээ, санхүүгийн хяналт шалгалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар, аймгууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх талаар Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, Сангийн яамнаас мэргэжлийн хүмүүс ирж хичээл зааж байгаа нь цаг үеэ олсон бөгөөд сургалтыг бүсчлэн зохион байгуулж байгаа нь харилцан суралцсан, өндөр ач холбогдолтой болж байгаа талаар сургалтад оролцогсод дурдаж байлаа.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн зүгээс “Орон нутгийн бодлого төлөвлөлт ба үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо” сэдэвт бүсчилсэн сургалтыг дараагийн удаа Завхан, Хэнтий, Дорноговь, Булган аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.