ХОНГОР СУМЫН 16 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
ТОВЧ ТҮҮХ:
Хонгор сумын 16 дугаар цэцэрлэг нь БНМАУ –ын АИХ –ын тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19 –ний 85 дугаар зарлигаар 1969 онд Сэлэнгэ аймгийн Хонгор хорооны 22 дугаар ясли цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 2 бүлэгт сангийн аж ахуйн ажилчдын 20 хүүхдийг асран хүмүүжүүлэхээр анхны эрхлэгч н.Цэцгээ, багш н.Цагаан, асрагч н.Долгор, нярав н.Цэрэндэжид, тогооч н.Цэрэндолгор, жижүүр н.Сэдэд нарын 6 багш, ажилтантай ажиллаж эхэлсэн.
БНМАУ –ын АИХ –ын тэргүүлэгчдийн 1982 оны 105 дугаар зарлигаар Дархан хотын Хонгор хорооны 16 дугаар цэцэрлэг болж нэршил нь өөрчлөгдсөн.
1979 онд Ясли цэцэрлэгийн комбинат болон өргөжиж 3 бүлэгт 90 хүүхэд, 13 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн.
БНМАУ –ын улсын бага хурлын 1994 оны 5 дугаар сарын 06 –ны 32 дугаар тогтоолоор Дархан –Уул аймгийн Хонгор сумын 16 дугаар цэцэрлэг болсон байна.
1998 -2001 онд 14 дүгээр сургуультай нэгдэн, “Номын хишиг” цогцолбор болон ажиллаж байгаад 2001 онд сургуулиас тусгаарлаж 2 бүлэг, 9 орон тоотойгоор бие даан үйл ажиллагаагаа эхэлсэн.
2002 онд орон сууцны 2 өрөө байранд 1 салбар бүлэг, 2012 онд 1 бүлгийн өргөтгөл баригдсанаар 4 бүлэг 100 хүүхдийн хүчин чадалтай, 16 орон тоотой, 2020 онд 150 хүүхдийн өргөтгөл баригдсанаар 27 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сумын 3 удаагийн аварга байгууллагаар шалгарсан, ажил үйлчилгээ нь тогтворжсон, туршлага дадлагатай боловсон хүчнээр бүрэн хангагдсан байгууллага.
2019 онд түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэсэн.
ЧИГ ҮҮРЭГ:
Хонгор сумын 1, 2, 3 дугаар багийн 2 -6 хүртэлх насны хүүхдэд үндсэн болон хувилбарт сургалтаар сургуулийн өмнөх боловсрол олгох чиг үүрэг бүхий сургалтын байгууллага юм.
ЭРХЛЭН ЯВУУЛДАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Тус цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хүрээнд бага, дунд, ахлах, бэлтгэл, холимог бүлгийн хөтөлбөртөө орон нутгийн онцлог, монгол уламжлалт ёс заншил, өв соёлыг тусган хэрэгжүүлдэг.
24 цагийн бүлэг ажиллуулж, малчид, тариаланчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулан ажилладаг.
Мөн 2, 3 дугаар багийн үндсэн сургалтанд хамрагдах боломжгүй хүүхдүүдэд явуулын болон нүүдлийн бүлгийн хэлбэрээр хувилбарт сургалтыг зохион байгуулж, хүүхэд бүрт хүрч ажиллахад анхаарч, чанартай боловсрол олгож, 5 настай хүүхдийг 100 хувь СӨБ –д хамруулан сургуульд бэлтгэн ажиллаж байна.
Суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдад хандсан сургалт, үйл ажиллагааг төлөвлөн, тасралтгүй зохион байгуулж байна.
Багш, ажилтныг чадваржуулах, туршлагажуулахад анхаарч, “Багшийн хөгжлийг дэмжих” сумын дэд хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Чандага цэцэрлэг болон 14 дүгээр сургуультай хамтын ажиллагааг идэвхжүүлсэн.
Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хамт олныг хөгжүүлэх олон талт ажлыг хэрэгжүүлж байна. “Зан чанарын төлөвшил олгох” сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг хангаж ажилладаг.
Байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, мэдээ мэдээлэл түгээх зорилгоор “Адтай жаалууд -16” сониныг сар бүр эрхлэн гаргаж, эцэг эх, олон нийтэд хүртээл болгож хэвшсэн.