Хонгор сумын 16 дугаар цэцэрлэг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн хөгжлийг дэмжих сэдэвт тоглоомын орчин бүрдүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд хүүхдүүдийн өдөр тутмын амьдралтай холбоотой гал тогоо, дэлгүүр, эмнэлгийн сэдэвт тоглоом, мөн үлгэрийн баатруудын дүрд хувирч жүжигчлэн тоглох зориулалттай хормогчин дүрүүдээр бүлгүүдийг тохижуулсан байна.
Сэдэвт тоглоомын орчин нь хүүхдийг тоглонгоо суралцах, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, хамтран ажиллах чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, нийгэмшихүй, сэтгэл хөдлөл, хөдөлгөөн болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, асуудлыг шийдвэрлэх, бие даан үйлдэл хийх чадварыг дэмжинэ.
Ийнхүү төслийн үр дүнд хүүхэд бүрийн оролцоог хангасан, тоглонгоо хөгжих боломжтой сургалтын орчин бүрдэж, тоглоомд суурилсан сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
Хөрөнгө оруулалт: 10.0 сая төгрөг
Санхүүжилт: Орон нутгийн хөгжлийн сан
Хэрэгжүүлэгч: Хонгор сумын 16 дугаар цэцэрлэг